Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Дубай руу аялахдаа анхаарах ёстой зүйлс

2020-03-28


Хэрвээ та Дубай руу аялахаар төлөвлөж байгаа бол зайлшгүй санаж явах хэрэгтэй хэдэн зөвлөгөөг хараад аваарай. Өөр улс орон руу аялахад мэдээж орчин нөхцөл, хууль дүрэм нь өөр тул жуулчид маш сайн судалж очвол зүгээр байдаг. Харин Дубайн хувьд тун онцлог  өвөрмөц хууль дүрэм, ёс заншил үйлчилдэг аж. Эдгээр нь чухам юу юм бол? 

Үргэлж зохистой хувцаслах

Жишээ нь, АНУ-д бол эмэгтэй хүн хаана ч, ямар ч хувцас өмсөж болно. Харин Дубайд бол хэт задгай хувцас өмсөх нь хуульд харш гэнэ. Гэхдээ энэ нь далайн эрэг дээр усны хувцас өмсөж болохгүй гэсэн үг биш бөгөөд олон нийтийн газарт аль болох зүй зохистой хувцаслахыг шаардаж байгаа хэрэг юм. Хэрвээ та хувийн амралтын өрөө, зочид буудалд байгаа бол хүссэн зүйлээ өмсөж болно. Харин олон нийтийн газар байхдаа ядаж өвдөгний дээгүүр татсан өмд, банзал сонгож, мөрөө далдалсан цамц өмсөх хэрэгтэй.  

Төсөв мөнгө

Дубай бол хамгийн өртөг өндөртэй хотын нэг. Гэхдээ энэ нь тийшээ явахын тулд та заавал саятан байх ёстой гэсэн үг биш. Бага өртгөөр Дубай руу аялж болно гэвэл та итгэх үү? "Hilton Garden Inn" зочид буудал сүүлийн үед тав тухтай байдал болон үнэ өртгийн боломжоороо аялагчдын дунд алдаршаад байна. Мөн таксинууд нь маш хямд бөгөөд тоолууртай байдаг учраас өртгөө хянахад тань тусална. Метро ч гэсэн аялахад хямд. Хэрвээ та боломжийн үнээр амттай хоол идэхийг хүсвэл Дэйра дахь хоолны газруудыг сонирхоод үзээрэй. 

Соёлын өв

Дубайг зорихоор шийдсэн бол соёлын дурсгалт газруудыг заавал өөрийн нүдээр үзээрэй. Дубайд зочилж буй хүмүүс ихэвчлэн тэнгэр баганадсан өндөр барилгууд, олон зуун брэндийн дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг. Гэхдээ энэ хот нь Араб, Исламын уламжлалыг хослуулсан гайхалтай баялаг соёлын өв бүхий хот гэдгийг бид мартсан байдаг. Түүхийн талаар мэдээлэл авахыг хүсвэл Дубайн музей, Этихад музейгээр зочилж болно. Хэрвээ энэ нь танд хангалттай санагдахгүй байвал Соёлын төвийн Шех Мухаммед төвд очиж, Эмиратын соёлоос суралцаарай. 

Хэтэрхий нялуурах хэрэггүй

Хэрэв та хайрттайгаа аялж яваа бол энэ дүрмийг сайн санах хэрэгтэй шүү. Зочид буудал, хувийн амралтын газруудад энэ дүрэм үйлчлэхгүй. Харин эсрэгээрээ гудамжинд явж байгаа бол хайртыгаа үнсэхээ түр азнаарай. Үүнийг хориглодог бөгөөд бүр магадгүй шоронд орж ч мэдэх юм шүү. Тиймээс болж өгвөл аль болох нялуурахгүй байхыг хичээгээрэй. Ганцхан үнсэлт ч биш, тэврэлдэх, гар гараасаа хөтлөлцөх зэргийг ч бас олон нийтийн газар хориглодог. 

Шашны баяр ёслолыг анхаарах

Рамадан буюу шашны зан үйл бүхий уг баяр нь сарын хугацаанд үргэлжилдэг байна. Жил бүрт тохиох хугацаа нь өөр өөр байдаг. Хэрвээ энэ үеэр нь Дубайд очихоор бол олон нийтийн газар өдрийн цагаар хоол идэхгүй, юм уухгүй, бохь зажлахгүй, тамхи татахгүй байх ёстой. Тухайн шашин танд хамааралгүй байлаа ч усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр уламжлал, ёс заншлыг нь хүндэтгэх хэрэгтэй. 

Хэт халуун цаг агаар

Хэрвээ та тавдугаар сард тийшээ аялахаар шийдсэн бол бага зэрэг харамсаж магадгүй л юм. Учир нь энэ үеэр маш халуун байдаг аж. Тиймээс ямар хувцас авч явахаа сайтар анхаараарай. Харин гадуур гарах болбол өглөө эрт гараад, өдөр хэт халуун болохоос өмнө зорьсон ажлаа амжуулаарай. Өдрийн халуунд усанд сэлэх эсвэл агааржуулагчтай өрөөндөө тайван амарч болох юм. 

Шөнийн амьдрал

Зарим хүн Дубайг архи зардаггүй газар гэж итгэдэг. Гэхдээ согтууруулах ундааг зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад л худалдаалдаг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн зочид буудал, амралтын газруудад байрладаг байна. Хамгийн гол нь та өөрийгөө 21 нас хүрсэн гэдгийг нотлох бичиг баримтаа биедээ авч явах ёстой. 

Согтуугаар машин барих

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэзээ ч машин барьж болохгүй гэдэг дурэм энд бас үйлчилнэ. Гэхдээ зүгээр ч нэг торгуулаад зогсохгүй хэсэг хугацаанд саатуулагдах хуультай аж. Танд хуулийн үйлчилгээ авах, Элчин сайдын газраасаа тусламж авах эрх байгаа хэдий ч тэд нөлөөлж чадахгүй л болов уу. 

Боож баглах хэрэггүй

Дубайд очвол үсээ хүртэл нуух ёстой гэж ярьдаг нь худлаа. Эндхийн хүн амын 85 хувь нь жуулчид учраас үсээ задгай тавьсан ч болно. Мөн богино өмд, фудволка ч гэсэн өмсөж болно. Усан санд орох гэж байгаа бол усны хувцас өмсөх нь зүй ёсны хэрэг. Харин сүм, дэлгүүр, дуган зэрэг газруудад очихдоо зан заншлыг нь хүндэтгэн хувцсаа тохируулаарай. 

Баасан гариг амралтын өдөр

Бидний хувьд амралтын өдрүүд бямба, ням гаригуудад тохиодог шүү дээ. Харин дубайчуудын хувьд баасан болон бямба гариг амралтын өдөр гэнэ. Учир нь муслимчууд баасан гаригт цуглаж, мөргөл үйлддэг байна. Тиймээс үдээс хойш хэдэн цаг хаагаад эргэж онгойдог үйлчилгээний төвүүд олон байдаг. Хэрвээ та зугаацмаар байгаа бол пүрэв, баасан гаригийн орой хамгийн завгүй аж. 

Зодоон хийхгүй байх

Хэтэрхий их уугаад зодоон цохион хийгээд явдаг найз нөхөд байдаг даа. Хэрвээ та иймэрхүү явдал үүсэж магадгүй гэж бодож байвал амралтын газраа бүхэлд нь түрээсэлж авах ч юм уу, эсвэл өөр ямар нэг аргаар шийтгэлээс холуур өнгөрөх арга зам олоорой. Хараал хэлэх, хэрэлдэж маргалдах, зодоон хийх зэрэг нь Дубайд байж болшгүй үйлдэл юм. Цагдаа нар ирээд бүгдийг нь баривчлан жуулчин ч байсан, оршин суугч ч байсан хамаагүй улсаасаа шууд хөөдөг. 

Папарацци хууль бус

Энэ бол Линдси Лоханы Дубай руу нүүх болсон шалтгаануудын нэг. Зөвшөөрөлгүйгээр хүний зураг авах хориотой бөгөөд үүнд паппараци ч мөн багтаж байгаа. Хууль зөрчигчийг торгох эсвэл бүр улсаас албадан гаргах шийтгэлтэй аж. 

Дохио зангаа

Дохио зангааны хувьд аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь дохио зангаа тухайн оронд огт өөр утгыг илэрхийлдэг байж болно. Хуруугаараа хүн рүү эсвэл ямар нэг зүйл рүү чичилж болохгүй. Хэрвээ үнэхээр гараараа дохих хэрэгтэй болсон бол хуруугаараа заах хэрэггүй, аль болох гараа бүхэлд нь ашиглах хэрэгтэй. Олон нийтийн газар байхдаа гараараа занган ямар нэг бүдүүлэг үйлдэл үзүүлж болохгүй бөгөөд ингэснээр та шоронд орж ч магадгүй. 

Уулзалт цуглаанд уригдах

Хэрвээ танд энэ төрлийн урилга ирвэл доорх хэдэн зүйлийг санаж яваарай. Үүдэнд нь гутлаа тайлж орхих бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тусад нь хуваарилан суулгасан байх тохиолдлууд бий. Хэрвээ таны ажил хэргийн түнш таныг хоолонд урьсан бол эхлээд хоолоо идэж дууссаны дараа бизнесийн яриагаа эхлүүлэх нь зүйтэй. 

Спа, саунд орох

Спа, саунд дургүй хүнд ч гэсэн Дубайн спа-нууд гайхалтай сайхан санагдах болно. "Дэлгүүрүүдэд байдаг гоо сайхны төвүүдийг мартаад дээд зэрэглэлийн зочид буудлуудын алжаал тайлах газруудыг зориорой. Үнэтэй хэдий ч маш чанартай сайхан үйлчилгээ үзүүлэх болно. "Jumeriah Zabeel Saray", "The Palace Downtown Dubai" газрууд нь зуны улиралд хямдрал урамшуулал зарласан байдгаас гадна орчин нөхцөлийн хувьд юутай ч зүйрлэшгүй" хэмээн "The Telegraph" цахим хуудаснаа зөвлөжээ.

 

Мэндчилгээ

Дубайд байхдаа настай хүн эсвэл танаас өндөр албан тушаалтай хүмүүстэй босож мэндлэх хэрэгтэй. Мөн эрчүүд эмэгтэй хүн орж ирвэл заавал босох ёстой. Энэ нь хүндлэл үзүүлж буй хэрэг. Муслим шашинтай эсрэг хүйснийхээ хүнтэй түрүүлж гар барих хэрэггүй. 

Ёс жаяг

Хэрвээ та амралтын газарт байрлаж байгаа бол ёс жаягийн талаар нэг их санаа зоволтгүй. Харин хотод байдаг хүмүүс таныг урьсан бол хоол болон уух зүйлсийг заавал баруун гараараа авч, баруун гараагаа идэх ёстой байдаг. Хөлийнхөө улыг хүнд харуулахгүй байхаас гадна хөлөөрөө хүн рүү зааж болохгүй. Мөн чухал хүний өөдөөс хараад хөлөө ачиж суух нь бүдүүлэг хэрэг аж. 

Урьдчилан захиалга өгөх

Аялал зугаалгын үеэр урьдчилан захиалга өгөхгүй байх тохиолдлууд их гардаг. Гэвч Дубай бол маш их хүнтэй, алдартай газар учраас тодорхой газарт хоол идэхийг хүсвэл заавал урьдчилан захиалга өгөх хэрэгтэй. Хөл хөдөлгөөнтэй бусад орноос ялгаатай нь хаа хүссэн газраа шууд ороод, хоол идэх нь нэлээд хүндрэлтэй байдаг гэнэ.


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

dambadorj@juulchinworld.mn

Аяллын хуваарь