Дэлхийн стандартыг үйлчилгээндээ ISO 9001:2015 ISO 14001:2015 OHSAS 18001:2012

Ш.Нэргүй: Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага нутгийн иргэдийн амьдралын хэв маягт тулгуурлан хөгжиж байна

2019-05-17


Аялал жуулчлалын салбарын томоохон тоглогч компанийн нэг  "НЬЮ ЖУУЛЧИН ТУРС" группын ерөнхийлөгч Ш.НЭРГҮЙТЭЙ Монголын аялал жуулчлалын салбарын төлөв байдал, тулгамдаж буй зарим асуудлын талаар цөөн хором ярилцлаа.

Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагын талаар яриагаа эхлүүлье.  

Дэлхий нийтээрээ дулаарал, даяаршлын асуудалд анхаарлаа хандуулж, үүнийг хэрхэн саармагжуулах талаар ухаанаа уралдуулж байна. Энэ үед Монголчууд бидний уламжлалт нүүдлийн амьдрал, зан заншлыг, байгальдаа хамгийн ээлтэй, зөв зүйтэй, ухаалаг амьдралын хэв маяг хэмээн тодорхойлоод байна. Тиймдээ ч манайх дэлхийн аялагчдын анхаарал, сонирхолд байсаар байна. Гэтэл дэлхийн бусад улс оронд нэг улсыг, нөгөө улс орноос ялгахад төвөгтэй болсон. Маш олон зүйлсээрээ дэлхий нийтээрээ ижилсэж байна л даа. Тухайлбал, дэлхийн аль ч улс оронд очсон таньдаг брэндийн хувцас хэрэглэл, дэлгүүр хоршоо, ус ундаа, кофе, зочид буудал, машин тэрэг. Ер нь мэдэхгүй, танихгүй, сонирхолтой зүйл улам бүр цөөн болоод байна. Гэтэл аялагчдын дийлэнх нь алмайрал, гайхшрал, цоо шинэ зүйл мэдрэх хүсэлтэй хэвээр. Иймдээ хөгжиж буй орнуудын нутгийн иргэдийг түшсэн аялал жуулчлалын хандлага руу дэлхий нийтээрээ чиглэх болсон. Харин Монголд энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Нүүдэлчин зан заншил, өргөн уудам нутаг, өвлийн улирал энэ бүхэн нь өөрөө дэлхийн аялал жуулчлалын ирээдүйн хандлага юм. Иймд одоо бид аялал жуулчлалыг хөгжүүлэх зөв, цогц, нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх хэрэгтэй.  

Олон жил энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд Монголын аялал жуулчлалын бизнесийн бодлогын өнөө ба ирээдүйг хэрхэн хардаг вэ? 

Гадаад, дотоод гэлтгүй аялал жуулчлалын бизнес нэг тоглолтын дүрэмтэй байх ёстой. Манайхаас бусад оронд энэ төрлийн бизнес эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгодог. Тэр зөвшөөрлийнхөө дагуу тухайн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ хянадаг, удирддаг. Гэтэл Монголд хэн дуртай нь энэ бизнесийг хийж байна. Тусгай зөвшөөрлийг сэргээснээр энэ салбар нэгдсэн зохион байгуулалтад орох, жуулчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ач холбогдолтой. Олон улсад бол аялал жуулчлал нь маш хариуцлагатай бизнес байдаг. Байгаль орчноо хамгаалах ёстой, зан заншлыг дээдлэх ёстой, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагатай байдаг. Мөн бусад салбарынхаа холбоос нь болон ажиллах ёстой. Үүнийг төр нь хянадаг байх ёстой. Ер нь бол төр нь бизнес эрхлэгчидтэйгээ ширээний ард суух цаг нь болсон. Бодлого гаргагч, бизнес эрхлэгчид ойлголтоо нэгтгэмээр байна. Ер нь нэг хэсэг хүмүүс, нэг компанийн бүтэлгүй ажиллагаанаас болоод тухайн улсын аялал жуулчлал салбар хөгжихгүй байх боломжтой. 

Тодруулбал:

Тодруулбал, МИАТ компани гэхэд төрийн өмчтэй. Үйл ажиллагааных нь талаар сайн гэхээсээ саар хэл үг дагах нь олонтой. МИАТ хүчин чадал, багтаамж бага байгаа нь үнэн. Тэгвэл үүнийг нэмэгдүүлэхэд төр нь, МИАТ нь, хувийн хэвшил нь ямар үүрэгтэй байхыг бид нэг ширээнд суугаад ярилцах, шийдэх хэрэгтэй л дээ. Түүнээс дан ганц шүүмжлэгчийн байр сууриас юуг ч өөрчлөхгүй. Үүнд мэдээж төрийн өөрийн оролцоо маш чухал. Түүнээс Монголд аялал жуулчлал хөгжүүлэх маш өргөн боломж байна. Өргөн уудам нутаг, зан заншил, аж амьдралын онцлог гээд бүгд байгаад байна. Ер нь бол агаарын тээврийн компани нь төрийн өмчинд байгаа давуу талаа ашиглаад жуулчин авах тоогоо нэмэгдүүлэх боломжтой. МИАТ-ийн үнийг 100 доллараар бууруулаад, жуулчнаас улсад үлдээх орлого нь 300 доллараар нэмэгдэх тооцоо бий. Жуулчдыг хямдхан үнэтэй ирүүлж, ирсэн хойно нь хармайг хоослоно гэдэг онол л доо. Тодорхой хүрээнд үнээ бууруулдагсан уу, хөнгөлдөгсөн үү ямартай ч үнэ бууруулахтай холбоотой тодорхой арга хэмжээ авах хэрэгцээ байна. Тухайн жуулчинг Монголд ирсний дараа МИАТ-ийн хөнгөлсөн үнийг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ нөхөж олж авах төрийн зохицуулалт, уялдаа холбоо хэрэгтэй. Одоогоор Монголын аялал жуулчлалын өртөг дэлхийн топ аравт багтахуйц өндөртөө ордог. Түүнээс гадна аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх хэрэгтэй. Тогтсон чиглэл дээр тодорхой маркетинг хийх, бүс нутагт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нь Монголын аялал жуулчлалын ирээдүйд чухал үүрэгтэй байх болов уу. Одоо манай гол алдаа бол жижиг хүрээнд, өөр өөрийнхөөрөө ажиллаад байна. Мэдээж үүний тулд төр, хувийн хэвшил хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой. 

Нутгийн иргэд дагасан аялал жуулчлалын талаар дээр дурьдлаа. Жаахан дэлгэрүүлээч?

Ер нь дэлхийн нийтээрээ нутгийн иргэдийн амьдралын хэв маягтай танилцах, хамтран зан үйл хийх аялал түлхүү сонирхох болсон. Иймд бид Монгол архи нэрэх, бяслаг хийх, сүү цагаан идээ хэрхэн гаргаж авах, химийн найрлага оруулалгүй хэрхэн боловсруулах зэргийг жуулчдад үзүүлж, хамтран хийж байна. Өөрөөр хэлбэл Тэрэлжид айлд зөвхөн бяслаг хэрхэн хийх зан үйлийг үзүүлж, шахсан бяслагаа өглөөний цайндаа өөрсдөө хэрэглэх боломжийг олгож багаа бол Налайхт казак түмний зан үйл, аж амьдралын онцлогийг харуулж байна. Түүнчлэн бууз, хуушуур, цуйван гэхчилэн Монгол хоолыг хэрхэн хийхийг зааж сургаж байх жишээтэй. Иймэрхүү хөтөлбөртэй байх нь, нэг жуулчинг тухайн жуулчны баазад хонох тоог нэмэгдүүлдэг. Малчин айлд зочлоход  хүртэл 3-4 цагийн хөтөлбөр зохиох жишээтэй.

“НЬЮ ЖУУЛЧИН ТУРС” ХХК ХҮЛЭЭН АВАХ ЖУУЛЧДЫНХАА ТООГ ТАВ ДАХИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ОЛОХ ОРЛОГОО АРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ТОМ ЗОРИЛГОТОЙ 

“Нью жуулчин турс” компанийн салбартаа бүтээсэн түүхийн талаар яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ? 

Монголын аялал жуулчлалын зах зээл дээр энэ төрлийн бизнес эрхэлдэг 600 гаруй компани байдаг гэсэн судалгаа бий. Бүгд өөрийн гэсэн онцлогтой. Нью жуулчин компанийн тухайд байгуулагдаад 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай компани дэргэдээ 10 гаруй охин компанитай, гадагшаа жуулчин явуулж, гадаадаас жуулчин хүлээж авдаг тоон үзүүлэлтээрээ улсдаа дээгүүрт орно. Мөн бид гадаадад бас өөрийн маркетинг сурталчилгааны дөрвөн компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зарим нэгэн тоон үзүүлэлтээс дурьдвал, өнөөдөр байдлаар манай компани дэлхийн 50 гаруй орны 10 гаруй мянга жуулчинг Монголд ирүүлж, гадагш 20 гаруй орон руу, таван мянган жуулчин аялуулаад байна. Аялал жуулчлалын салбарт анх удаа олон улсын чанар стандарт, аюулгүй ажиллагаа, байгаль орчин гэсэн гурван стандартыг хэрэгжүүлсэн.  Энэ стандартыг хэрэгжүүлснээрээ олон улсын зах зээл дээр тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн компани болсон. Мөн манай компани сүүлийн гурван жилийн хугацаанд БОАЖЯ, Монголын Аялал Жуулчлалын Холбооноос шалгаруулдаг Шилдэг компаниар гурван жил дараалан шалгарлаа. Энэ нь манай хамт олныг өнгөрсөн цаг хугцацаанд хэрхэн ажиллаж ирснийг, одоо хэрхэн ажиллаж байгааг үнэлсэн үнэлэмж гэж ойлгож байна. 

Компанийнхаа алсын хараа, эрхэм зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ? 

Манай компани, компанийнхаа 15 жилийн ойгоор буюу одоогоос хоёр жилийн өмнө компанийхаа алсын хараа хэтийн зорилтийг 10 жилийн хугацаатайгаар шинээр тодорхойлсон. Бидний эрхэм зорилго нь аялагч, харилцагч, түншүүд, компанийн хамт олон хамтаараа эх дэлхийгээ хайрлан хамгаалж, бат бөх оршин тогтнож, тогтвортой хөгжин, орон орны хүмүүс бие биедээ зочлон сайныг сурч, сайхан дурсамж бүтээхэд орших юм. Түүнчлэн олон улсын зах зээл дээр Монголын аялалын бүтээгдэхүүнийг бий болгох, нутгийн иргэдийн зан заншлыг олон улсын зах зээл дээр гаргах амбицтай явдаг. Үүнээс гадна мэдээж хүлээж авах жуулчныхаа тоог тав дахин, үүнээс олох орлогоо 10 дахин өсгөх зорилго тавин ажиллаж байна даа. 

ISO стандартын талаар жаахан дэлгэрүүлж яриач?  

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид дараах гурван зүйлийн чандлан мөрдөх учиртай. Үүнд үндэсний түүх соёлоо хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг ханган, байгаль орчноо хамгаалах үүрэгтэй. Жуулчдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь маш чухал болоод байна. Үүнээс өмнө 30 гаруй жил энэ бизнесийг хийхдээ болж байна гэж бодоод явсан. Гэтэл энэхүү стандартыг нэвтрүүлснээс хойш үнэхээр цаашид шийдэх, анхаарах, хийх ажил байгааг анзаарсан. Бид эрсдлээ тооцоололгүй, Монгол сэтггэлгээгээр болно, бүтнэ гэж явж ирсэн нь харагдсан. Манай компани ISO стандартыг хэрэгжүүлснээс хойш олон улсын зах зээл дээр, нэр хүнд бүхий комданиудын бидэнтэй хамтран ажиллах хүсэл зорилго нэмэгдэж, манай нэр хүнд өссөн. Мөн бидэнд тодорхой шаардлагуудыг тавьж эхэлсэн. Урьд бол бид хэтэрхий ерөнхий агуулгаар ажиллаж ирсэн нь харагддаг. Ул мөрөө үлдээхгүй аялах гэдэг энэ бизнесийн гол баримжаа болоод байна. Нэг үеийг бодвол хүмүүсийн байгаль орчинд хандах хандлага ч эрс өөрчлөгдөөд байгаа. 

Танай компани өнөөдрийн байдлаар өөрийн зах зээл дээр хичнээн нэр төрлийн, ямар ямар бүтээгдэхүүнийг санал болгож байгаа вэ?  

Манай компани нь юуны түрүүнд гаднаас ирж байгаа жуулчдад зориулсан шинэ бүтээгдэхүүн хэрхэн бий болгох тал дээр түлхүү анхааран ажиллаж байна. Дээр дурьдсанчлан сүүлийн гурван жил бид нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр голлон анхаарч ажиллаа. Одоогийн байдлаар энэхүү аялалын бүтээгдэхүүнд Тэрэлжийн орчимд гурван малчин айл, Булганы Рашаант суманд таван малчин айл, Налайхт бас нэг айлтай хамтраад аялал жуулчлалын зургаан шинэ бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байна. Энэ маань ч амжилттай хэрэгжээд явж байгаа. Бидэнтэй хамтран ажилласнаар нутгийн иргэд жилдээ 60-80 сая төгрөгийн орлого олдог болсон. Жуулчид ч манайхаас санал болгож буй энэхүү аялалын бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байж нутгийн иргэдтэй хамтран зан үйлийг хийх нь сонин содон бас шинэлэг санагдаж байгаагаа бидэнд илэрхийлдэг. Өнгөрсөн оноос манай компани жил бүр зохион байгууллагддаг, УБ марафоныг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн жил марафонд 360 жуулчин ирж оролцсон. Харин энэ жил одоогийн байдлаар 120-иод жуулчин оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Энэ мөн л манай компанийн зүгээс жуулчиддаа санал болгож байгаа аялалын шинэ бүтээгдэхүүн юм. 

Тэгвэл тун удахгүй Улаанбаатар марафон зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Энэ талаар жаахан дэлгэрүүлээч?

Манай компани Тайван, Хонконгийн энэ төрлийн арга хэмжээний зохион байгуулалтаар мэргэшсэн байгууллагатай хамтран ажилласан. Хамтын ажиллагаа маань ч амжилттай болсон. Үүний үр дүнд 2017 онд 500 гаруй жуулчид хүлээн авсан. Харамсалтай нь өнгөрсөн жилийн Улаанбатар марафонийн зохион байгуулалт муу болсон учир энэ жил марафонд оролцох хүмүүсийн тоо буурсан. Марафон өөрөө олон улсын гэсэн нэрийн дор явж байгаа учир стандартаа барих хэрэгцээ байгаа. Үүнээс гадна бид Хонконгийн нэг компанитай хамтран зургаан жил дараалан өөр өөр бүс нутагт марафон зохион байгуулж байна. Өнгөрсөн жил гэхэд л Булган аймгийн Рашаант суманд энэ марафон зохион байгуулсан. Зохион байгуулсан бүс нутаг тус бүртээ нутгийн иргэд болон сургуулийн хүүхдүүдэд тусламж үзүүлдэг. 

Аялал жуучлалын томоохон компаниуд чартер нислэгүүд зохион байгуулаад эхэлчихлээ. Танайх энэ талаар ямар төлөвлөгөөгөөр ажиллаж байна вэ? 

Манай компанийн зүгээс МИАТ компанитай хамтраад чартер нислэгүүдийг хийхээр төлөвлөж байна. Энэ онд Солонгосын Чежү, Шизүока, Хакаидо зэрэг чиглэлд чартер нислэгүүд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Үүнээс гадна монголынхоо аялал жуулчлалын компаниудтай хамтраад Вьетнам, Дубай, Сэбү, Бали руу шууд нислэгүүд зохион байгуулсан бөгөөд одоо Сингапур, Малайзруу чартер нислэг хийхээр төлөвлөж байна. 

Үйлчлүүлэгч танай компанийг яагаад сонгох ёстой вэ? 

Манай компанийн алсын хараа хэтийн зорилгод энэ тухай тодорхой тусгагдсан байдаг. Бид нэг хүн, нэг түнштэй аль болох урт удаан тууштай ажиллах хүсэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл бид хамтран үр ашигтай ажиллах зорилготой. Товчхондоо бол манай компани олон жил тууштай найдвартай, олон хүнд хүрч ажилласан, туршлагатай учир энэ нь бидний давуу тал болдог. Үүнээс гадна манай компани олон улсын стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Эрсдлийн хэд хэдэн төрлийн даатгалд хамрагдсан.   

Монголын аялал жуучлалын салбарын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

Монгол бол аялал жуулчлалын таатай бүс нутаг. Газар нутгийнхаа хувьд ч, түүх соёл зан заншлийнхаа хувьд ч тэр. Саяхан аялал жуучлал үндэсний форум боллоо. Форумын үеэр 2020 онд нэг сая жуулчин авах зорилго дэвшүүлсэн. Энэ салбарыг хөгжүүлэх, энэ тал дээр анхаарч буй том хэлбэр. Мөн энэ оноос агаарын тээвэрт хүчтэй өөрчлөлт ахиц дэвшил гарч ирж байна. Саяхан гэхэд л Казкастаны скат нислэг хийхээр боллоо. Мөн дотоодын тээврийн үйлчилгээ Хүннү, АэроМонголиа зэрэг компаниуд онгоцондоо шинэчлэл хийлээ. МИАТ компани өөрийнхөө паркийг шинэчиллээ. Гуанжоу болон Осака руу шинээр байнгын нислэг бий болголоо. Олон улсын агаарын тээврийн Изинес авиа компани шинээр байгуулагдлаа. Бид үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ сайжруулах, олон улсын зах зээл дээр нэгдсэн, тогтвортой маркетинг хийх шаардлага урган гарч ирж байна. Үүнийг хийж чадвал хөгжинө. 

Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд салбарын тулгамдсан асуудал, түүнийг даван туулах арга замын талаарх бодлоо бидэнтэй хуваалцаач? 

Аялал жуучлал өөрөө их төвөгтэй. Гэхдээ энэ бол хүний хүсэл зоригтой холбоотой. Хүний хүсэл хязгааргүй. Нэг хүн хийдэггүй нэг компани хийдэггүй  бизнес. Энэ салбыар нь өөрөө маш олон салбар хүчин зүйлээс хамаарч хөгждөг бизнес. Тухайн орны хөгжлийн цар хүрээтэй холбогддог бизнес. Аялал жуучлалын хөгжил нь тухайн орны хөгжилтэй уялддаг. Тэр ч утгаараа манайд энэ салбарт хийх маш их ажил байна. Миний хувьд бол дөрвөн гол зүйлд анхаарах нь зүйтэй гэж боддог. Нэгдүгээрт агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хоёрдугаарт салбарын хүний нөөцийн асуудалд реформ хийх гуравдугаарт нь улс орны сурталчилгааны нэгдсэн маркетингийн төлөвлөгөө гаргах, маркетингийнхаа арга хэлбэрийг зөв сонгох хэрэгтэй. Эцэст нь энэ салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчид нэгдсэн нэг дүрэм журамд захирагдаж нэгдсэн бодлого дор зангидмаар байгаа юм. Энэ нь тоглолтын дүрмээ сайжруулах, бий болгох хэрэгтэй гэсэн үг л дээ. Зочид буудлууд, хэвлэл мэдээлэл, маркетинг пиар компаниуд хэрхэн оролцох юм,  үндэсний тодотголтой бүтээгдэхүүн үйлчилгээ нь ямар байх ёстой юм. Ер нь Монгол улсын гадаад зах зээлд гаргах гэж байгаа гол гол бүтээгдэхүүнээ тодорхойлох зэрэг зохицуулалт, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Гэвч энэ бас тийм амар шийдэгдэх асуудал биш юм . Учир нь манай нөхцөлд энэ бизнест мэргэжлийн бус тоглогчид ихтэй. Ойлголтын зөрүү ихтэй. Алсын хараа тогтсон төлөвлөгөө дутагдаад байдаг.

Таныхаар нэгдсэн бодлого, нэгдсэн маркетингийг хэрхэн зохион байгуулбал үр өгөөжтэй болох вэ?  

Бид Монгол гэдгийг л сурталчилах шаардлагатай. Бид бодлогоо нэг дээвэр дор зангидах ёстой. Саяхан нэг олон улсын судалгаа олж харлаа. Дэлхийн 80 гаруй орныг хамруулсан тэр судалгаанд 80 орчим хувь Монголыг мэдэхгүй гэж хариулсан байсан. Тэгэхээр бид Монгол гэдэг ямар улс вэ, ямар түүх соёл, ёс заншилтай орон бэ гэдгийг нийтээрээ таниулах нь чухал болоод байна. Дараа нь бид Монголд аялал жуулчлал хөгжүүлэх топ 10 бүтээгдэхүүнийг сонгон хөгжүүлэх, таниулах хэрэгтэй байна. Түүнээс энэ олон аялалын санаа, бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нэг зэрэг гаргаж авна гэдэг худлаа. Сурталчилгааны тодорхой чиглэл гаргаж улс нийтээрээ нэг бодлоготой байна гэдэг маш чухал. Өнөөдөр бид Монгол бол сайхан бүх зүйл болж байна гэхчилэн хэтэрхий ерөнхий сурталчилгаа хийгээд байна л даа. 

Таныхаар аялал жуучлалыг бүсчилж хөгжүүлэх үр өгөөжтэй гэж харж байна уу?

Аялал жуучлалыг хөгжүүлэх бүсчилсэн төлөвлөгөөг бий болгож үүнээс онцгой чиглэлүүдийг сонгон хөгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс бүхэлд нь хөгжүүлэх гэдэг цаг алдах хүч тарамдсан хэрэг болоод байна. Тухайлбал нэг жил Хөвсгөл аймгийг Дараа жилд Өмнөговь аймгийг сонгон аваад тухайн бүс нутагт тохирох аялал жуучлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож хөгжүүлэх хэрэгтэй. Одоо бол бүх аймаг нэг аялал жуучлал хөгжүүлэх гээд яваад байгаа харагдана. Өнөөдөр манай улс жилд 530-аад мянган жуулчин хүлээн авч байна. Энэ бол чамлах тоо биш. Гэхдээ Азийн зах зээл дээр нэг сая жуулчин явуулдаг компани, европын зах зээл дээр 250 мянган жуулчин явуулдаг компани дундаждаа ордог. Тэгэхээр бид хүчин чадлаа нэмж байж, нэгдсэн бодлоготой болж байж өндөр хөгжилтэй улс орны нэг компанийн хэмжээнд хүрч ажиллах нь байна. 

Монголд наадмын үеэр жуулчид хамгийн их ирдэг. Гэтэл манайх нэг дор олон жуулчин хүлээн авах бэлтгэл муутай юм шиг санагддаг.    

Манайд өнөөдөр янз бүрийн эвэнтүүд их болсон. Аймаг сум, дүүрэг бүр ямар нэгэн байдлаар эвэнтүүдийг зохион байгуулж байна. Гэтэл дэлхийн ихэнх улс оронд улсын хэмжээний томоохон арга хэмжээг жилдээ цөөн тоотойгоор нарийн зохион байгуулдаг. Жуулчдыг хүлээн авах хүчин чадал, нислэгийн давтамж, сонирхолтой үзвэрүүдийг бий болгож нэгдсэн маркетинтайгаар арга хэмжээг зохион байгуулан, олон хүнийг нэг дор цуглуулах нь ирээдүйд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлдэг. Манайд бол 80 гаруй жилийн түүхтэй наадам бол жуулчид татах томоохон боломж. Гэтэл бид хэт олон жижиг, чанартай чанаргүй, олон жижиг арга хэмжээг зохион байгуулахад анхаарч сүүлийн жилүүдэд наадмын зохион байгуулалт дээрээ ч олигтой төвлөрөн ажиллаж чадахгүй байна. Наадмын үеэр ирсэн жуулчид ая тух алдах, наадмын нээлт хаалтын билет олдохгүй буцах, жуулчдыг гомдоох, аялал нь бүтэлгүйтэх зэрэг нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй аялал жуучлалыг хөгжүүлэх тал дээр танай компанийн барьж буй бодлого?

Ул мөрөө үлдээхгүй аялах гэдэг манайд төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд аялал жуучлалын байгууллагуудын энэ талын мэдлэг мэдээлэл, хандлага эрс өөрчлөгдсөн. Аялал жуулчлалын олон улсын байгууллагууд байгальд ээлтэй, байгаль орчинг хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа эсэхээр нь, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхээр нь сонгон шалгаруулдаг болсон. Тэгэхээр байгаль орчин гэдэг аялал жуучлалын цөм болсон асуудал хэвээр байгаа юм. Энэ тал дээр салбараараа нэг дуугаар эвлэлдэн ажиллаж байгаа учир ахиц дэвшил гарсаар байна. Манай компани ISO 14001 стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлээд хоёр жил болж байна. 

Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Ярилцсан Ч.Оюунгэрэл 

 

 

 

    

 

 

 

 


Шагналууд

Холбогдох

Марко Поло Ордон, Жамъяан Гүний гудамж 5/3, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

(976) 70109401

info@newjuulchin.com

Аяллын хуваарь