Гүйлин хот нь Хятадын аялал жуулчлалын гол хотуудын нэгт зүй ёсоор ордог билээ. Гүйлинд гадны түр оршин суугчдыг багтаагаад нийт 5 сая гаран хүн аж төрдгөөс жилд 1 сая гаруй гадна, дотны жуулчид ирж аялж, амардаг байна. Гүйлин хот нь Уул ус, Ургамал, Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт хотын нэг бөгөөд энд ирсэн жуулчид Байгаль Эхийн гоо үзэсгэлэн, хүн байгаль хоёрын хүйн холбоог мэдэрч, алжаал ядаргаагаа тайлж, амарч тайвширдаг байна. Цаг агаарын таатай бүсэд хамрагддаг. Өвөлдөө дунджаар +10 градус хүрдэг бол зундаа дунджаар +35 - +38 градусын хооронд халдаг байна. Жилийн 3 сараас 11 сарын хооронд аялахад нэн тохиромжтой.